Файл, хавтсыг хэрхэн нууц үгээр хамгаалах вэ?





Хавтсыг нууц үгээр хамгаалах нь


АНХААР! Юуны өмнө энэхүү зөвлөгөөг дагахын өмнө туршилт хийгээрэй. Өөрөөр хэлбэл хэрэгцээгүй файл юмуу нууц үгээр хамгаалах ажиллагааг эхлэхийн өмнө заавал нөөцөлж хуулаарай. Яагаад гэвэл ажиллагаа бүтэлгүйтэж та файлаа үүрд алдах магадлалтай. Эсвэл нууц үгээ мартчих ч тохиолдол байж болно. Ер нь бол та бидний өргөнөөр хэрэглэдэг Microsoft Windows үйлдлийн систем нь чухал файл, хавтсыг нууц үгээр хамгаалах арга байхгүй. Хэрвээ та Windows 3.x, Windows 95, Windows 98 зэрэг хуучны хувилбаруудыг хэрэглэж байгаа бол танд тусгай 3-дагч програм хангамжууд хэрэгтэй болох нь дээ. Ийм програмууд интернэт дээр зөндөө байдаг.


Microsoft Windows XP Professional хэрэглэгчид


Windows XP professional хувилбарыг хэрэглэдэг бол та маш хялбар аргаар файл, хавтсаа кодолж болно. Ингэж кодолсноор таны файлууд руу өөр эрхээр орсон хүн хандах аргагүй болдог.
  1. Кодлохыг хүсэж байгаа хавтсаа сонгоно.
  2. Хавтас дээрээ баруун дарж дэд цэснээс Properties сонгоно.
  3. Advanced товчийг дарна.
  4. “Encrypt contents to secure data” сонголтыг чагтална.
  5. Apply болон OK дарна.
Хэрвээ Encrypt contents to secure data гэсэн сонголт саарал өнгөтэй байх аваас та Windows XP Home edition-ыг хэрэглэж байгаа юм байна. Тэгвэл танд дараах сонголт байна.
  1. Хавтсаа сонгох
  2. Дэд цэсийг гаргаж Properties
  3. Sharing хэсэг
  4. Make this folder private (Энэ хавтсыг хувийн болгох) чагтална.
  5. Apply.OK
Гэхдээ энэ тохиргоог ашиглахын тулд таны Windows XP Home Edition дараах байдалтай байх ёстой.
  1. Хатуу дискний чинь формат NTFS байх ёстой. FAT32 бол болохгүй.
  2. Зөвхөн өөрийн эзэмшлийн хавтсыг л ингэж түгжиж болно. Ингэхийн тулд таны хавтас C:\Documents and Set¬tings\Таны нэр гэсэн хавтас дотор байрлах ёстой. Үүнээс өөр газарт байгаа хавтас дээр энэ тохиргоо ажиллахгүй юм.
Файл болон хавтсаа нууцлах бусад аргууд
Маш цөөхөн хэрэглэдэг файл/хавтас

Хэрвээ нэг их хэрэглэдэггүй файл/хавтсыг хамгаалахыг хүсэж байгаа бол хамгийн үр дүнтэй бөгөөд хялбархан арга бол нууц үгтэйгээр шахах арга юм. WinRar, 7Zip, Winzip зэрэг нь бүгд ингэж чадна. Тэр байтугай нууц үгтэй шахсан форматын нууц үгийг сэргээх нь маш хэцүү байдаг. Гэхдээ та файл руугаа хандах болгондоо л нууц үгээ өгөх хэрэгтэй болох нь ойлгомжтой. Гэхдээ та нууц үгээр файлуудыг хамгаалсан тохиолдолд гадны хүн таны файлуудын нэрс, жагсаалтыг харах боломжтой байдаг. Та файлуудынхаа нэрийг ч хүртэл нууцлахыг хүсэж байвал файлуудаа хавтсанд хийгээд тэр хавтсаа шахах хэрэгтэй.
Байнга ашигладаг файл/хавтас

Байнга ашигладаг файл/хавтсаа дээрх аргаар хамгаалах нь тохиромжгүй нь ойлгомжтой. Байнга л тэднийг задлаад л, эргүүлж шахаад л.. Ийм юм гэж байхгүй нь ойлгомжтой. Тэгвэл танд энэ тохиолдолд 3-дагч тусгай програмууд хэрэгтэй болох нь дээ. Үнэгүй болон нилээд алдартайгаас нь танилцуулъя.
  • AxCrypt – Энэ бол хавтас файлуудыг тусгай кодоор түгждэг маш сайн үнэгүй багаж юм. Нууц үгийг зөв өгөөгүй бол хэн ч таны хувийн хэсэг рүү хандаж чадахгүй.
  • WinCry – Бас л файл/хавтсыг тусгай кодоор түгжинэ, нууц үгээр хамгаална. Түүнчлэн бусад сонирхолтой боломжууд ч бий.
  • Folder Guard – Windows-ийн нөөцүүд болон файлууд, хавтсыг нууц үгээр хамгаалах хамгийн дэлгэрсэн програмуудын нэг юм.

Файл/хавтсыг нууц үгээр хамгаалахад бодууштай хэдэн зүйлс
  1. Энэ ертөнц дээр 100% хамгаалагдсан файл, объект гэж нэг ч байхгүй. Интернэт дээр нууц үгийг хэрхэн сэтлэх, сэргээх, олж авах тухай материал мянга мянгаараа бий. Үл ялиг оролдлоготой байхад л нууц үгийг сэргээгээд авах боломжтой. Гэвч хамгаалагдсан байна гэдэг нь хамгаалаагүйг бодоход мянга дахин илүү шүү дээ. Ер нь тэгээд нууц үгийг сэргээх чадвартай хүн цөөхөн шүү дээ. Хүн болгон энэ бүхний учрыг олоод оролдоод сууж байна гэдэг юу л бол..
  2. Нууц үгээр хамгаалсан файл/хавтас маань бүрэн аюулгүй гарт орлоо гэж бодож болохгүй. Хамгаалагдсан ч гэсэн эдгээр файлуудыг устгах боломжтой байдаг. Гэхдээ зарим өндөр боломжтой 3-дагч програмууд устгахыг хориглосон тохиргоотой байх нь бий.
  3. Хэрвээ та нууц үгээ мартаж орхивол байдлыг маш хүндрүүлэх нь тэр дээ. Сонирхолтой нь хүмүүс нууц үгээ маш их мартдаг. Бүр ор тас мартдаг юм шүү. Ингэсэн тохиолдолд өндөр чадвартай хэн нэгэнд их мөнгө төлж л нууц үгээ сэргээлгэдэг байх даа. Маш чухал файлуудын хувьд нууц үггүй хувилбарыг ямар нэгэн CD гэх мэт дээр бичин далдын далд хадгалахыг зөвлөж байна.

No comments:

Post a Comment